|
Хүний эрхийн түгээмэл тунгаглал нь 1948 оны 12 дугаар сарын 10-нд батлагдсан бөгөөд дэлхийн хэмжээний олон улсын байгууллага гаргасан хүний эрхийн талаарх дэлгэрэнгүй баримт бичиг юм.Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан өдрийг дэлхий даяар жил бүр Хүний эрхийн өдөр гэж тэмдэглэдэг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 1 дүгээр зүйл “Хүн бүр төрж мэндлэхдээ эрх чөлөөтэй, адилхан нэр төртэй, ижил эрхтэй байдаг” хэмээн зарлаж тунахагладаг бол 28 дугаар зүйл “хүн бүр энэ тунхаглалд заасан эрх, эрх чөлөөг бүрэн эдэлж болохуйц тийм нийгмийн байгууламж болон олон улсын дэг журамд аж төрөх эрхтэй” хэмээн заасан. Хүний эрхийн олон улсын Билл гэж хүний эрх, эрх чөлөө, түүнийг хэрэгжүүлэх механизмыг тогтоосон хүний эрхийн олон улсын 4 үндсэн хэрэгслийг хүний эрхийн салбарт ийнхүү нэрлэдэг.Үүнд: Хүний эрхийн түгээмэл тунхаглал /1948/ Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт /1966/ Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын I дэх Нэмэлт протокол/1966/ Эдийн засаг, нийгэм соёлын эрхийг олон улсын пакт/1966/ ИУТЭОУП-ын II дахь Нэмэлт протокол нь цаазаар авах ялыг халах тухай бөгөөд уг ялыг халсан зарим улс энэхүү баримт бичгийг Биллд оруулж тооцдог боловч энэ байдлыг одоогоор бүх нийтээр хүлээн зөвшөөрөөгүй байгаа.Хүний бүхий л эрх, хүний нэр төр, алдар хүндийг хангахад олон улсын хамтын нийгэмлэгээс шаардлагатай гэж үзсэн аргыг Билл тусгасан байдаг. Монгол Улс нь дээрх баримт бичгийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж нэгдэн орсон.Тухалбал, Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг НҮБ-ын гишүүн улс болохын хувьд хүлээн зөвшөөрсөн гэж үздэг бол Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт болон Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн олон улсын пактад 1974 онд, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын I дэх нэмэлт протоколд 1991 онд тус тус нэгдэн орсон. Монгол Улс Үндсэн хуулиараа хүний эрхийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн баталгаажуулж тунхагласан нь хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн хөгжлийн замыг эргэлт буцалтгүй сонгон авсны илэрхийлэл юм. Ардчилсан, шинэ Үндсэн хууль хэмээгддэг 1992 оны Үндсэн хуулийн оршил хэсэгт “ …Хүний эрх, эрх чөлөө…г эрхэмлэн дээдэлж, …хүмүүнлэг иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно…” хэмээн тунхаглаж, “ Хүний эрх, эрх чөлөө” сэдэв дор хүний суурь эрхүүдийг бүтэн бүлгээр томьёолон оруулахын дээр түүний агуулга, хүрээг Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт зэрэг олон улсын пакт зэрэг олон улсын баримт бичгүүдэд тусгагдсан үзэл санаагаар тодорхойлсон явдал нь бусад салбар хууль тогтоомжоор хүний эрхийг хамгаалах үндэс үндэс болсон. Монгол Улсын хууль зүйн тайлбар тольд “Хүний эрх гэдэг нь хүнээс эдийн засаг, нийгэм, улс төр, соёлын амьдралын бүх хүрээнд төртэй харилцах эрх зүйн байдлыг илэрхийлдэг ухагдахуун” гэжээ. |